. 2012-03-24 - Нийтлэл16
Өөртөө яаж цаг гаргаж сурах вэ?
Чөлөөт цаг | 2012 / 03 / 05
Чиний төлөвлөгөөнд амьдралын чухал гэсэн бүх л зүйл багтдаг: карьер, гэр бүл, хүүхэд, хайр дурлал, нийгмийн оролцоо. Гэвч энэ дунд нэг л юм дутаад байх шиг? Тэгэлгүй яахав, энд “БИ” гэдэг үг дутуу байна. Чи хамгийн сүүлд хэзээ өөртөө цаг гаргаж, тухтайхан дуртай номоо уншиж, маргаашийн ажлын талаар бодолгүйгээр жүжиг үзсэн бэ?
Өөртөө яаж цаг гаргаж сурах вэ?
Сүүлийн үеийн эмэгтэйчүүд уг нь ажил, гэр бүл хоёроо хоёуланг нь зохицуулдаг болсон болохоор илүү л аз жаргалтай болсон баймаар. Хамгийн гайхмаар нь орчин үеийн бүсгүйчүүд 40 жилийн өмнөх үеийн хүүхнүүдээс аз жаргал багатай байгаа нь судалгаагаа тогтоогджээ. Чи жаахан хүүхдээ арчилдаг ч бай, өсвөр насны хүүхдээ гэртээ ирэхийг нойроо хасан хүлээдэг ч бай, хөгшин настай ээж ааваа асардаг ч бай амьдралдаа харамсахгүйн төлөө, илүү утга учиртай өдөр хоногийг өнгөрүүлэхийн төлөө өөртөө цаг гаргах ёстой.
Өөртөө цаг гаргах нь ажлаас илүү ЧУХАЛ!
Эхлээд яагаад ажил, гэр орон, үр хүүхэд бүхнээс чөлөөлөгдөөд өөртөө цаг гаргах нь чухал талаар өгүүлье. Ихэнх эмэгтэйчүүд “зав гарвал” өөртөө цаг зарцуулъя гээд өдрийнхөө төлөвлөгөөний хамгийн төгсгөлд гоо сайханд орох, ганц гоё хувцас худалдаж авах, амрах зэргээ оруулчихдаг. Үнэндээ завыг гаргадаг болохоос биш эхнээс нь ажлуудаа хийгээд л байх юм бол хийх ёстой юм хэзээ ч дуусахгүй. Өөрийгөө хийж буй ажил, найзууд, бусад зүйлсээс илүү үнэ цэнэтэйд тооц. Ингэснээрээ чи муу ээж, муу ажилтан, муу эхнэр болохгүй. Харин ч чиний амьдрал илүү хөнгөрснөөр чиний харилцаа сайжирч, чи гэрэлтсэнээр илүү эрч хүчтэй болох болно. Маргаашнаас өөртөө анхаарал хандуулдаг бүсгүй болоорой. Харин яаж вэ гэвэл:
“Offline” ажилла. Ажлаа хийж байхдаа мессенжэрээсээ гар. Мессенжэр чат, facebook чиний өөртөө зарцуулах цагаас ямар их хороодгийг чи мэддэг ч болоосой. Хүмүүстэй байнга интернэтээр холбогдох шаардлага тэр бүр байдаггүй. Хэрвээ хэн нэгэн үнэхээр таньтай ярихыг хүсч байвал утас руу чинь залгахад л болно шүү дээ.
Өдөрт нэг л удаа интернэт шалга. Хэрэв ингэвэл чи өдөрт нэг л удаа inbox руугаа шагайж, нэг л удаа Facebook-ээ шалгана гэсэн үг. Ингэх нь чиний цагийг хэмнэж илүү бүтээлч байхад тусална.
Өөртэйгөө өнгөрүүлэх үдэш гарга. Зав гарлаа гээд заавал ямар нэг юм хийх ёстой биш. Хэрэв найзууд чинь чамайг ганц завтай орой чинь дагуулж явах гээд байвал “Өөр ажилтай” гэж хэлээд гэртээ харь. Хааяа ч болов ном уншиж, дасгал хийж, эсвэл бүр юу ч хийлгүй цаг нөхцөө.
Сар бүр өөрийгөө эрхлүүлдэг тодорхой өдөртэй бол. Өөрийгөө эрхлүүлэх цагийг ч бас төлөвлөх ёстой. Зугаа цэнгэлийг хүртэл төлөвлөхгүй бол, хамаг чөлөөт цагийг чинь ажил чинь барж гүйцнэ.
Үзэхийг хүссэн тоглолтынхоо тасалбарыг тэр дор нь ав. Хайртай хамтлагийн чинь тоглолтын реклам зурагтаар явж байхыг харсан уу? Тэр өдрийнхөө төлөвлөгөөг нэг гүйлгэж харчихаад хойшлуулж болохгүй чухал ажил товлоогүй байвал тэр дор нь очоод тасалбар ав. Тасалбар авчихсан тохиолдолд чи яаж ийж байгаад үзэх болно.
Цаг нь болмогц ажлаа орхи. Тийм ээ, бидний олонх нь илүү цагаар ажиллахыг зуршлаа болгочихсон байдаг. Хэрвээ чи ч бас ингэдэг бол, ядаж долоо хоногт нэг удаа ажлыг яг 6 цагт дуусгаад, тэр хүртэл бүхнийг амжуулаад оффисоосоо гарч яв. Тэгээд гэртээ эрт хариад өөртөө цаг гарга.
Ямар нэг бүлгэмд элс. Book club, гар урлалын клуб, бүжгийн дугуйлан, ууланд авирагчдийн групп зэрэг сонирхлын бүлгүүдэд элс. Шинэ хоббитой болсноор чи ажлаасаа өөрийгөө бага ч болов хөндийрүүлж сурах болно.
Хааяа олон нийтийн унаагаар яв. Ажил руугаа явах, гэр лүүгээ харих замыг жолоо барихад биш бодож бясалгахад зарцуулвал ямар вэ? Автобус, такси, тролейбусны жолооч л замын түгжрэлд анхаарлаа хандуулаг л дээ. Харин чи энэ хооронд өөр ямар нэг сайхан зүйлийн талаар бодож болно. Жишээлвэл, амралтаа авах ч юм уу?
Хүлээх хугацааг өөртөө зарцуул. Бүсгүйчүүд бид үнэндээ маш завгүй юм шиг байдаг боловч, цаг завынхаа ¼-өөс багагүй хэсгийг зүгээр л юу ч хийлгүй, хүлээхэд зарцуулдаг. Шүдний эмчийн үүдэнд хүлээх, банкан дээр номероо хүлээх, зоогийн газарт сүйт хархүүгээ хүлээх...гээд л. Одооноос хүлээлгийн цагийг өөртөө зарцуулах цаг болго. Жижигхэн ном, хөнгөн сэтгүүл авч яваад хүлээх зуураа унш.
Хэрэв чамд өөртөө зарцуулах 5-10 минут л байвал. Тагтан дээрээ нэг аяга кофе уунгаа сонин уншиж суу. Эсвэл нэг аяга кофе уунгаа юу ч хийхгүй байж болно. Зүгээр л тэнгэрт нүүх үүлсийг ажигла. Дэвтэр, утас, календар авч гарахыг хориглоно.
Хэрэв чамд өөртөө зарцуулах 15-30 минут байвал. Эртнээс уншина гээд амжихгүй л яваа номныхоо нэг бүлгийг дуусга. Ажлынхаа өрөөнд ч дуртай сэтгүүл, ном, үгийн сүлжээтэй сонин сэлтийг хадгалдаг шүүгээтэй бол. Эсвэл хажуугийн цэцэрлэг лүү алх.
Хэрэв чамд өөртөө зарцуулах 30-60 минут байвал. Массаж юм уу маникюрт ор. Эсвэл зүгээр л унт. Эртнээс бүртгүүлэх гээд чадаагүй явсан сургалтандаа бүртгүүл.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|